Хүүхдүүдээ нараар чийрэгжүүлэх

2011-03-21,

 Хүүхдийг нараар чийрэгжүүлэх
Чийрэгжүүлэлтэнд нарны гэрлийн үйлчилгээ
Нар бол байгаль ертөнцийг гэрэлтүүлж  бүхнийг амьдруулагч эх үүсвэрийн нэг юм. Манай орон бүх л жилийн туршид бүрхэг өдөр ховор харин нарлаг өдөр олон тохиолддог учраас нарны гэрлийг өргөнөөр ашиглах нь хүүхдийг чийрэгжүүлэх , янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх , өвчнийг эмчлэх ач холбогдолтой. Хүн амыг эрүүлжүүлэх хялбар арга хэмжээний нэг болох нарны туяаг зөвөөр ашиглахад тохирсон шарлагын газруудыг олноор нь байгуулах, ялангуяа хүүхдийн байгууллагуудад өргөн зохион байгуулах нь чухал ач холбогдолтой.

Хүүхдийн чийрэгжүүлэлтэнд нарны туяа өвөрмөц нөлөөлдөг. Усан чийрэгжүүлэлтэнд даарч хөрөхөд тэсвэртэй болгодог бол нар нь нарны дулааны цохилтоос хүүхдийн биеийг хамгаалж халуунд   ядарч   цуцах   ажлын    чадвар    алдахаас   сэргийлж    биеийг    тэсвэртэй    болгон чийрэгжүүлдэг.

Нарны туяаны үйлчлэл арьсан дахь мэдрүүлийн төгсгөлүүдийг цочроож улмаар арьсны судсыг агшааж дараа нь тэлэгдүүлдэг. Ийм учир наранд шарсны дараа арьс улайдаг. Нарны туяаны нөлөөгөөр биеийн ерөнхий байдал нойрсолт сайжирч бие тайвширан    цусны найрлага бүрэлдэхүүнд     ялимгүй өөрчлөлт ордгийн дээр үсний ургалт хурдасч арьсны дулаан зохицуулалт, бодисын солилцоо идэвхиждэг. Нарны туяаны нөлөө нь өсөж байгаа залуу махбодид хамгийн чухлаар шаардагддаг чухал бодисууд болох кальц, фосфор, давсны биед шингэх чадварыг дээшлүүлнэ.

Нараар чийрэгжүүлэх арга
Хүүхдийг гадаа наранд түр хугацаагаар нүцгэн байлгахыг нараар чийрэгжүүлэх гэнэ. Нарны гэрлийн хэт ягаан цацраг нь хүүхдийн биеийг чийрэгжүүлэх эрүүлжүүлэх нөлөө үзүүлдэг. Нараар чийрэгжүүлэхэд хэт ягаан туяаны илч сайн байдаг өглөөний 11 цагаас өмнө орой 17 цагаас хойш хийх нь зүйтэй. Хүүхдэд наран чийрэгжүүлэлт хийх үед агаарын дулаан сүүдэртэй газарт 22-оос доошгүй градус байвал зохино. Гаднах агаарын дулаан 30 градусаас дээш байвал хүүхдэд наран шарлага хийдэггүй. Хүүхдийг 4 сартайгаас эхлэн наран шарлага хийж болно.

Наран шарлага эхлэх үедээ 1 нас хүртэлх хүүхдэд 2-3 минут , 1-3 настайд 4-5 минут хийдэг. Цаашид үргэлжлэх хугацааг 2 хоног тутамд 1 минутаар нэмэгдүүлсээр ой хүртлэх хүүхдэд 20 минут , 1-ээс дээш насны хүүхдэд 30 минут болгодог. Хөхүүл хүүхдэд наран шарлага хийхдээ хөхөө хөхүүлэхээс 30 минутын өмнө эсвэл хөхсөнөөс хойш 1-1,5 цагийн дараа хийнэ.

Наран шарлага хийж байгаа үед хүүхдэд өргөн хүрээтэй цагаан малгай өмсгөх хэрэгтэй. Наран шарлагын үед хүүхдийг унтуулж болохгүй бөгөөд цай буцалгаж хөргөн усаар ундаалж байх шаардлагатай. Наран шарлагын дараа хүүхдийг бүлээн усанд оруулах шүршүүрээр шүрших буюу усан арчилт хийвэл нарны чийрэгжүүлэх нөлөө ихсэж батждаг. Хүүхдийн арьс нимгэн учраас нараар чийрэгжүүлэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй.
Наран шарлага хийж эхлэхдээ 1 минут нуруугаар, 1 минут хэвлийгээр хэвтүүлж шарна. Цаашид 2 хоног тутам тал тус бүрийн шарлагыг минутаар нэмэгдүүлнэ. Наран шарлага хийж байгаа үед хүүхэд их хөлөрч нүүр улайх шинж тэмдэг илэрвэл яаралтай сүүдэрт оруулж бүлээн усаар шавшлага, хөл угаах зэрэг аргуудыг хэрэглэдэг.

бичсэн: bilegee_111 төрөл: Зөвлөгөө